С.Даваасүрэн: НОМ БОЛ АМЬДРАЛЫГ ЗААГЧ ЗАМ ЮМ
Орхон аймаг давхардсан тоогоор 120 000 мянга гаруй хүн амтай, үүнээс аймгийн нийтийн номын сангаар жилд 25000-30000 гаруй иргэн үйлчлүүлж, ном сонин уншдаг гэсэн судалгаа гарсан байна. Тус номын сангаас жил бүр ном сонин идэвхтэй уншдаг иргэн, сурагч хүүхдүүдээ шалгаруулдаг юм. Энэ удаа 2024 оны аймгийн нийтийн номын сангийн байнгын үйлчлүүлэгч идэвхтэн уншигчаар Сэнгээгийн Даваасүрэн шалгарчээ. Түүнтэй цөөн хором номын тухай хуучиллаа.
-Танд номын сангийн идэвхтэн уншигч болсонд талархал илэрхийлье. Номтой яаж нөхөрлөсөн бэ?
-Анх 13 настайгаас ном уншиж эхэлсэн. Ээж минь тэр үед нас бараад би дөрвөн өнчин дүүтэйгээ үлдсэн.Тэр үед ном их уншдаг байсны хүчинд дөрвөн дүүгээ өсгөж хүмүүжүүлэхэд ном надад их тусалсан. 16 настай байхад аав минь мөн нас бараад Улаанбаатар төмөр замын авто баазад туслах засварчнаар дүү нараа тэжээж өсгөхийн тулд гуйж ороод ажилчин болж байлаа.Тэгээд өдөр нь ажлаа хийгээд, оройгоор арван жилийн сургуулиас төмөр замын техникумд сурахаар орж, хажуугаар нь ном зохиолоо уншиж судалдаг байсан. Миний анхны уншсан ном Ж.Пүрэв зохиолчийн “Хөгжмийн эгшиг” гээд Янжин эмэгтэйн тухай өгүүлдэг. Дараа нь Б.Ринчен гуайн “Сандаг амбан”, “Үүрийнтуяа” Д.Намдагийн “Цаг төрийн үймээн” гээд номын амтанд ороод, дүү нараа бас ном унш гээд уншуулна, хамгийн бага дүү минь таван настай үлдсэн байсан. Ажилчин болоод цалингаараа хоол ундаа авна, ном их худалдаж авна. 1975 оны үед улсаас 100 төгрөгийн тэтгэмж авч байсан. Ер нь ном их уншсаны хүчээр бага наснаасаа ажилчин болж дүү нараа өсгөсөн.
-Улаанбаатарын иргэн маань яаж яваад Эрдэнэтийн иргэн болов оо?
-Би Улаанбаатар хотдоо ажиллаж амьдарч байгаад Эрдэнэтэд охиныхоо хүүхдүүдийг харахаар 2017 онд ирсэн. Би өөрөө хоёр охинтой. Энэ охин маань Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцад ажилладаг. 5, 7 настай хоёр хүүхэдтэй. Хоёр хүүхдээ цэцэрлэг, сургуульд зөөнгөө завтай үедээ долоо хоногт гурван удаа тогтмол номын санд очиж суудаг. Эрдэнэтэд ирсэн сүүлийн энэ хэдэн жилүүдэд ном их уншиж байна. -Та 13 наснаасаа хойш хичнээн ном уншсан бол? Хамгийн унших дуртай ном нь ямар зохиолчийн ном бэ? Одоо ямар ном уншиж байна вэ? -Ойролцоогоор 5000 гаруй ном уншсан. Би Л.Түдэвийн “Нүүдэл суудал” романыг их олон уншсан, капитализмаас социалист нийгэмд шилжиж буй тухай өгүүлдэг, сүүлийн үед хоёр ачдаа зориулаад гараг эрхсийн тухай ном их унших болсон. Тэр хоёрын яагаад яагаад гэдэг асуултад хариулт хэлэх зорилготой. Яг одоо Анджэй Сапковскийн “Сүүлчийн хүсэл” номыг дөнгөж уншиж эхэлж байна.
-Ном уншихын давуу талыг та юу гэж хэлэх вэ? Яагаад номд шимтэх болсон бэ?
-Ном бол амьдралын заагч зам юм. Номын дүрээс амьдралыг давж туулах чадвар, уналт босолт, тэсвэр тэвчээр, хүний мөн чанар олон өнгийг таньж болдог. Ухаарал сургамж, эрдэм мэдлэг, зорилго хайрладаг. Номын хүч агуу.
-Орхон аймаг шинэ номын сантай болсон. Номын баяжилт хэр байна вэ?
-Хуучин урт цагааны номын санд ч очно. Манай гэр Хүрэнбулаг багт байдаг. Номын баяжилт сайтай номын санд ирж суухаар дуу чимээгүй их сайхан тайван төвлөрч уншдаг. Хүүхдүүд хичээл номоо хийх гэж их ирнэ. Насанд хүрсэн уншигчидтай цөөн таардаг. Гадуур хий сэлгүүцэж явахаар зарим залуусыг ном уншдаг болоосой гэж заримдаа боддог юм.
-Та хүүхэд залуучуудад юу захиж хэлэх вэ?
-Номын тухайд одоо үед цахим хэрэглээ гээд том багагүй гар утас, телевизороос салахаа байжээ. Орчин үеийн хэрэглээг дагалгүй л яахав. Гэхдээ ном их уншиж, мэдлэг оюунаа тэлэх хэрэгтэй. Номд амьдралын ухаан бий, хүн төлөвших бүх чанар бий. Наад зах нь зөв ярьж сурна, зөв бичиж сурна, бусдыг сонсдог ойлгодог болно.