Удирдах ажилтны даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо
зөвлөгөөн цаг үеийн асуудал, төлөвлөгөөт ажлуудад анхаарал хандуулав. Шинэ Эрдэнэт болон хотын дахин төлөвлөлтийн төлөвлөгөөг боловсруулж байгаатай холбоотойгоор Эрдэнэт үйлдвэрийн зүгээс санал тавьсан байна. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрийн хөгжлийн үндсэн чиглэлд эрдэс баялгийн нөөц нэмэгдүүлэх, шинэ орд илрүүлэх, шинэ Хаягдлын аж ахуй барих гэх зэрэг олон бүтээн байгуулалтууд тусгагдсан учраас хотын төлөвлөлт хийхдээ нарийн нягт зөвшилцөх шаардлагатай гэсэн хүсэлтийг Эрдэнэт хотын Захирагчийн албанд гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор шинэ Эрдэнэтийн төлөвлөлтийн төслийн гүйцэтгэгч “Нью Урбанизм” ХХК-ийн Бүсийн ба хот төлөвлөлтийн мэргэжилтэн З.Туяа, “Эрдэнэт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г танилцууллаа. Энэхүү ерөнхий төлөвлөгөөг инженерийн дэд бүтэц, байгаль орчин зэрэг чиглэл бүрийг хариуцсан 5-6 компани хамтран боловсруулж байгаа аж. Орхон аймаг газар нутаг багатай, хот, аймгийн хосолсон бүтэцтэй. Эрдэнэт үйлдвэрийн хэтийн төлөвлөгөө Орхон аймгийн аж амьдралд шууд нөлөө үзүүлдэг. Дам бус нөлөөлөл харьцангуй өндөр. Жишээлбэл, хүнс барааны зах дээрх бүтээгдэхүүний үнэ ханшид шууд нөлөөлдөг. Түүнчлэн ажиллах хүч, эдийн засгийн эргэлт зэрэг олон талын нөлөө үзүүлж байна. Тиймээс хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа энэ асуудлыг шийдэж, тогтвортой хөгжлийг бий болгох гарц гаргалгааг тусгах нь зүйтэй гэдгийг төслийн гүйцэтгэгчид танилцуулгадаа онцоллоо. Тиймээс хотын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахад Эрдэнэт үйлдвэрийн зүгээс геологи хайгуул, геодиз, тэдгээрийн судалгаа, усны эх үүсвэрийн найдвартай байдал, дэд бүтэц, хүний нөөц, нийгмийн хамгааллын бодлого зэрэг мэдээллээр нээлттэй хангаж, хамтран ажиллах саналтай буйгаа танилцуулав. Өнгөрсөн долоо хоногт ХАБЭА-н хэлтсээс Ус хангамжийн цехэд хөдөлмөрийн аюулгүй байдлын ээлжит хяналт шалгалт хийсэн бол Авто тээврийн цехэд хамгаалах хувцас хэрэгслийн ашиглалтад хяналт тавьжээ. Мөн "ХЭМАБ-ын сайн туршлага" сэдэвт аянд тус хэлтсийн Цацрагийн аюулгүй товчоо, ҮЭХ-ны илтгэлүүд шилдгээр шалгарсан байна. ХАБЭА-н ээлжит сургалтад 200 гаруй гадны байгууллага болон дотоодын ажилтнууд хамрагджээ. Эрүүл ахуйн хэмжилт Дотоодын цэргийн ангиудад хийгдсэн байна. Цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах ажил 53 хувьтай үргэлжилж байгааг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс мэдээлэлдээ танилцуулав. Аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах тусгай зөвшөөрөл бүхий компаниудад 5.5 тонн төмөр поошиг, 33.2 тонн хаягдал тос шилжүүлэн өгсөн байна. Сарын эхний 20 хоногт үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт 100.6-137.9 хувьтай байна. Уулын цул гаргалт 106.1 мянган метр куб, хөрс хуулалт 203.1 мянган метр кубээр, хүдэр боловсруулалт 59.5 мянган тонноор тус тус төлөвлөгөөнөөс давж биелжээ. Зэсийн баяжмал ачилт 14 вагонаар илүү бол , молибденын баяжмал 119 контейнер ачсан байна. Шинэ долоо хоногт уулын цул гаргалтыг 641.7 мянган метр куб, хөрс хуулалтыг 283 мянган метр куб, хүдэр боловсруулалтыг 810.7 мянган тоннд хүргэхээр тус тус төлөвлөжээ. Төлөвлөгөөт засварын ажлууд хуваарийн дагуу хийгдэж буйг Үйлдвэрлэл, техникийн хэлтэс мэдээллээ. Хүний нөөц, захиргааны хэлтсээс Эрдэнэт үйлдвэрийн хэрэгжүүлэх урт хугацааны төсөл хөтөлбөр, техник технологийн шинэчлэлтэй холбоотойгоор англи хэлний ахисан түвшний сургалтад хамруулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, үүнд 18 бүтцийн нэгжийн 63 ажилтан бүртгүүлсэн байна. Эдгээр ажилтнуудын англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг Токи сургалтын төвтэй хамтран авсан бөгөөд энэ долоо хоногт дүн гарсны дараа сургалтыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байгаа аж. Мөн Засгийн газар, Хойд бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан 4 сарын 28-нд Булган аймагт болох гэж буйтай холбогдуулан тус аймгийн Засаг даргын хүсэлтээр хуралдааны бэлтгэл ажилд тусламж дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж байна.