Орон сууцны цахилгаан шатыг шинэчлэхэд 3,2 тэрбум төгрөг зарцуулна
Орхон аймаг 2025 оны төсвийн нийт орлогыг татвар, татварын бус, тусламжийн, орон нутгийн 2024 оны төсвийн шилжих болон хэмнэлт үлдэгдэл гэсэн үндсэн дөрвөн эх үүсвэрээс 408 тэрбум 475,9 сая төгрөг бүрдүүлж зарцуулна. Үүнээс улсын төсөвт төвлөрүүлэх орлого 145 тэрбум, дамжуулан зээлийн эргэн төлөлтийн дүн хоёр тэрбум төгрөг байна.
2025 онд 184,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээс:
орон нутгийн хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээнд 109,3 тэрбум төгрөг, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээнд 55.6 тэрбум төгрөг,авто замын сангийн хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээнд 2.2 тэрбум төгрөг, байгаль орчныг хамгаалах сангийн хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээнд 4.6 тэрбум төгрөгийг тус тус хуваарилсан.
Аймгийн 2025 оны хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх барилга, их засварын ажлын 149 төсөл арга хэмжээнд 105,1 тэрбум төгрөг, тоног төхөөрөмж худалдан авах 30 төсөл арга хэмжээнд 8,1 тэрбум төгрөгийг төлөвлөөд байна. Орхон аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021-2024 онд 15,4 тэрбум төгрөгийг эрчим хүч, инженерийн шугам сүлжээнд зарцуулсан бол 2025 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 69,5 тэрбум төгрөгийн буюу дөрөв дахин их хөрөнгийг зарцуулахаар баталсан.
Өөрөөр хэлбэл, түүхэндээ анх удаа ийм хэмжээний хөрөнгийг эрчим хүч, инженерийн шугам сүлжээний шинэчлэлд зарцуулахаар баталсан.
Нийт төсвийнхөө дийлэнх хувийг инженерийн шугам сүлжээ, цахилгааны хүчдэлийг сайжруулах зэрэгт зарцуулахаас гадна 40 гаруй жилийн насжилттай 9 давхар орон сууцны цахилгаан шатыг засварлахад орон нутгийн төсвөөс 3,2 тэрбум төгрөгөөр бүрэн шинэчлэхээр боллоо. Орхон аймгийн хэмжээнд нийт 18 орон сууцны 22 цахилгаан шатыг шинэчлэх төлөвлөгөө гарсан бөгөөд уг байрны оршин суугчдаас хамгийн их гардаг эрэмблэгдсэн саналын эхэнд цахилгаан шатаа шинэчлэн засварлуулах хүсэлт ирдэг байна.