Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхагласны 100 жилийн ой тохиож байна

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхагласны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурал 2023 онд 64 дүгээр тогтоол баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэхээр тусгасан. Иймд орон нутгийн зүгээс олон талт ажлыг төлөвлөн зохион байгууллаа. Өнөөдөр 9:30 цагт орон нутгийн удирдлагууд, Эрдэнэтчүүдийн хамтаар Монгол төрийн мэргэн сайд А.Амарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. Үүний дараа орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй иргэдэд төрийн дээд шагнал гардуулах ёслол Нутгийн удирдлагын ордонд боллоо. Иргэний андгай өргөх ёслол 14:00 цагт Залуучуудын ордонд болох бол Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амарын ажил амьдралын түүхийг өгүүлсэн Хөх төрийн бэрс түүхэн драмын жүжиг Хүүхэд залуучуудын театрт 18:00 цагаас нээлтээ хийнэ. Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон 2024 оны II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан цэргүүдэд Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг таниулах хичээлийг зохион байгууллаа.