“Цацрагтай ажиллагсдын аюулгүй байдал, түүний хамгаалалт” сэдэвт өдөрлөг болов

Эрдэнэт үйлдвэрийн “Эрдэнэт медикал” эмнэлэг нь дэлхийд рентген цацраг нээгдсэн өдрийг зургаа дахь жилдээ уламжлал болгон тэмдэглэж байна. Энэхүү өдрийг дэлхий даяар энэ жил “Үл харагдахыг харна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд “Эрдэнэт медикал” эмнэлэг “Цацрагтай ажиллагсдын аюулгүй байдал, түүний хамгаалалт” сэдвийг онцлон өдөрлөг зохион байгуулж, энэ чиглэлийн мэдлэгийг олон нийтэд хүргэх, мэдээлэл хуваалцах өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа хэрэгжүүллээ. Уг өдөрлөгт Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн эмч, ажилтнууд оролцсоноос гадна Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн эрдэмтэн багш нар хамтран ажиллав. 
Өдөрлөгийн эхэнд “Эрдэнэт медикал” эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Х.Дэнсмаа танилцуулга хийсэн юм. Тус тасагт Япон, Тайвань, Солонгос, Энэтхэг зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн нарийн мэргэжлийн эмч, оператор инженер, техникч, сувилагч 15 хүнээс бүрдсэн чадварлаг баг дүрс оношилгооны орчин үеийн технологи ашиглан хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт компьютер, томограф, мамограф, дижитал рентген, хэт авиан аппаратуудаар нарийвчилсан шинжилгээ, оношилгоо хийдэг байна. Өөрөөр хэлбэл, энд ашиглагдаж буй бага тунт компьютер томографын аппарат нь цацрагийн хэмжээг 92 хувь хүртэл бууруулах хүчин чадалтай аж. Түүнээс гадна “Эрдэнэт медикал” эмнэлэг цацрагтай ажиллагчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулдаг тэргүүн туршлагаа өдөрлөгөөр түгээхийг зорьсон, гэж Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Х.Дэнсмаа ярилаа. 

М.Одгэрэл