Н.Азжаргал: ЭРДЭНЭТ ХОТОО ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХОТ БОЛГОНО
Ярилцлагын ээлжит дугаартаа Орхон аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Намсрай Азжаргалыг урилаа. Азийн залуу улс төрчдийн сургуульд Монголоо төлөөлөн суралцаж байгаа тэрээр одоо залуусын нийгэм, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн улс төрийн салбар дахь орон зай, дуу хоолойг хүргэх чиглэлд төвлөрөн ажиллаж байгаа юм. Ингээд өндөр боловсролтой, ёс зүйтэй шинэ үеийнхний тод төлөөлөл болсон энэ залуу лидертэй ярилцаж байна.
-Таны унаган мэргэжил юу вэ, ажлын гараагаа анх хаанаас эхлэв?
- Би 2007 онд ШУТИС-ийн КТМС-ийг Олон улсын бизнесийн менежмент мэргэжлээр төгссөн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Боловсролын салбарт 15 жил ажиллаж байна. Анх Улаангом Политехник коллежид худалдааны мэргэжлийн багшаар ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн. Түүнээс хойш их дээд сургуульдсургалтын албаны даргаар ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос хойш Этүгэн их сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн сургалтын албаны даргаар ажиллаж байна. Энэ хугацаанд сургуулийнхаа АНУ-ын бизнесийн сургуулиудын магадлан итгэмжлэлийн хөтөлбөр (ACBSP)-ийн магадлан итгэмжлүүлэх багийн гишүүнээр ажиллаж, бид хөтөлбөрүүдээ 10 жилээр магдлан итгэмжлүүлж чадсан. Мөн Peregrine академи, БМИҮЗ-ийн олон улсын хөтөлбөрийн шинжээч эрхтэй. Сургалтын чанарт хөтөлбөр маш чухал. Хөтөлбөрийг тасралтгүй сайжруулах, хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна.
-Та Азийн залуу улс төрчдийн сургуульд Монголоо төлөөлөн суралцаж байгаа. Энэ талаараа танилцуулаач?
Миний хувьд 2022 онд КАС (Конрад Аданэурын Сан)-ийн Азийн залуу улс төрчдийн сургуулийн тэтгэлэгт шалгарч, орон нутгийн хөгжил, удирдлага, улс төрийн намын дотоод ардчилал, сонгуулийн кампанит ажлын чиглэлээр суралцаж байна. Энэ тэтгэлэгт хөтөлбөр нь КАС-ийн ази тивд хэрэгжүүлдэг бүсийн хөтөлбөр бөгөөд 4 модультай, модуль бүр нь азийн өөр өөр оронд зохион байгуулагддагаараа онцлогтой юм. Өнгөрсөн онуудын хичээлүүд маань Сингапур, Камбож зэрэг зүүн өмнөд азийн орнуудад зохион байгуулагдсан ба 2025 онд ХБНГУ-д очиж сүүлийн модуль сургалтандаа хамрагдах юм. Манай ангид азийн 16 орнытөлөөлөл 22 залуу улс төрчид суралцаж байгаа.
-2024 оны орон нутгийн сонгуульд АН-аас Уурхайчин багт нэр дэвшсэнд баяр хүргээд амжилт хүсье. Уурхайчин багийг сонгож нэр дэвшсэн тухайгаа эхлээд ярина уу?
- Баярлалаа. Манай Уурхайчин баг Эрдэнэтийн анхны орон сууцны хорооллуудын нэг. Баялаг бүтээгч Эрдэнэт үйлдвэрийн ажилтан, ажиллагсад, уурхайчид голдуу амьдардаг энэ том багт иргэд нь эрүүл, аюулгүй ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдүүлэх, тэр дундаа хүн рүү, ялангуяа хүүхэд залуучууд руу чиглэсэн олон хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхдэд ээлтэй, хүүхдийн хөгжлийг дэмжсэн баг болгон хөгжүүлэх боломж байна гэж үзсэн.
Энэ удаагийн аймгийн ИТХ-ын сонгуульд Орхон аймгийн АН-аас нэр дэвшигчдийн 80 гаруй хувийг салбар салбартаа шинийг санаачлагч, бүтээлч сэтгэлгээтэй, ёс зүйн хэм хэмжээ, зарчимтай, сэтгэлтэй, боловсролтой залуучуудаар баг бүрдүүлж, “Эрдэнэт хотоо эрс шинэчилье” гэсэн уриатайгаар ээлжит сонгуульд оролцож байгаа. Би тэдний нэг юм.
Манай Уурхайчин багт аймгийн ИТХ-ын сонгуульд Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэр технологийн паркийн төслийн нэгжийн механик инженер, МУ-ын мэргэшсэн инженер уурхайчин залуу Ганбаатарын Алтангэрэлийн хамт өрсөлдөж байгаа. Г.Алтангэрэлийг 2012-2016 онд Баян-Өндөр сумын засаг даргын орлогч байснаар хүмүүс мэддэг. Манай Эрдэнэтийн төрийн болон улс төрийн арвин туршлагатай залуу боловсон хүчин. Харин Баян-Өндөр сумын ИТХ-ын сонгуульд уурхайчин залуу Нацогдоржийн Түмэнцэнгэл өрсөлдөж байгаа. Манай Түмээгийн хувьд залуучуудын оролцооны байгууллагын төлөөлөл, уурхайчин залуусын төлөөлөл боловсролтой залуу. 2 инженер залуутай хамтран өрсөлдөж байгаа. Багийнхаа залуучуудад амжилт хүсье.
-Та Орхон аймгийн АН-д олон жил ажиллаж байна. Энд яг ямар ажил алба хашсаар өнөөдрийг хүрэв? Улс төрийн байгууллагад ажиллаж олсон мэдлэг чадвар, туршлагууд нь өнөөдөр аймгийн ИТХ-д нэр дэвших бэлтгэл байсан уу? Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллахад өөрийгөө бүрэн бэлтгэгдсэн гэж үзэж байна уу?
Анх 2015 онд АН-ын дэргэдэх Иргэний боловсролын академи шинэчлэн байгуулагдахад Сургалтын албаны даргаар ажилд орсон. 2017 оноос Орхон аймгийн АН-ын хэрэг эрхлэх газарт сургалт, судалгаа, төлөвлөлт хариуцсан улс төрийн ажилтнаар үргэлжлүүлэн ажилласан. Сонгуульт ажлын хувьд 2017 оноос хойш Орхон аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүлэгч, 2018 оноос АН-ын аймаг, сумын намын хорооны гишүүн, 2019 оноос Ардчилсан залуучуудын холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, 2023 оноос Орхон аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд намын гишүүд, дэмжигчид, иргэдийнулс төрийн боловсролыг дээшлүүлэх, мөрийн хөтөлбөр боловсруулах, иргэдээ сонсох “Монголоо сонсъё”, “Хөгжил шинэчлэл” гэх үндэсний хэмжээний аянуудыг Эрдэнэтэд зохион байгуулж байна. Мөн шат, шатны сонгуульд сонгуулийн компанит ажлуудад байнга оролцсон. Энэ бүхнээс маш их туршлага хуримтлуулж, өнөөдөр иргэдэд тулгамдаж байгаа асуудлууд, нийгмийн амьдралын талаар өөрийн гэх дүгнэлттэй болсон. Тиймээс нийгмийн өөрчлөлтөд өөрөө гар бие оролцохын чухлыг ойлгож, олсон мэдлэг туршлагадаа тулгуурлан орон нутгийн шийдвэр гаргах түвшинд ажиллах цаг нь болсон, өөрийгөө бүрэн бэлтгэгдсэн гэж үзэж байна.
Эрдэнэтийн иргэний хувьд манай хотын хөгжлийн түвшин ямар байна гэж боддог вэ? Та бүхэн Орхон аймгийн ИТХ-д олонх болвол ямар өөрчлөлт шинэчлэл хийх бол?
- Манай Эрдэнэтийг “Цэцгийн өнгөт, цэвэр цэмцгэр хот”, амьдрахад үнэхээр таатай сайхан газар гэж бүх хүмүүс ярьдаг. Гэтэл манай Эрдэнэт хот өнөөдөр яг Улаанбаатар шиг олон таагүй нөхцөлтэй, нэн даруй шийдвэрлэхээс өөраргагүй олон тулгамдсан асуудалтай болсон байна. Улаанбаатар шиг утаа, замын түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол, үнийн өсөлт, ажилгүйдэл гээд иргэдийг бухимдуулдаг маш олон асуудал Эрдэнэтийнхэнд нүүрлээд байна. Орхон аймгийн хөгжил сүүлийн 8 жилд үнэхээр зогсонги байдалд орж, иргэд таатай амьдрах орчин нөхцөл хумигдлаа. Эрдэнэт хотын ерөнхий төлөвлөгөөний хугацаа дууссан, өнөөдөр бид ямар ч төлөвлөлтгүй хотод ажиллаж амьдарсаар байна. Энэ бүхэнд маш их сэтгэл эмзэглэдэг. Орхон аймгийн төсвийн орлого бага биш, жилийн 390 тэрбумын төсвийн орлоготой. Үүнээс татаасаа өгөөд 276 тэрбум төгрөгийн төсвийг өөрсдөө захиран зарцуулдаг. Саяхан аймгийн ИТХ хуралдаж 16 тэрбум төгрөгөөр 2024 оны төсөвт тодотгол хийсэн. Татвар төлөгчдийн мөнгөөр бүрдсэн төсвийн ийм их мөнгийг үр өгөөжтэй зарцуулаад, Эрдэнэтийн 100 гаруй мянган хүн амыг ая тухтай амьдруулах боломж бүрэн бий. Энд сэтгэл дутаад байна. Тиймээс Орхон аймгийн ИТХ-д АН-ынхан олноороо сонгогдож, Эрдэнэтийг хүн рүү чиглэсэн ээлтэй сайхан орчин нөхцөлтэй хот болгож эрс шинэчлэхээр зорьж байна.
-Нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэгш оролцоог хангах чиглэлээр та олон хөтөлбөрүүдэд улс, аймаг орон нутгаа төлөөлөн оролцдог. Энэ талаар товчхон...
-Конрэд Аденаурын Сан /КАС/-ын “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-тай хамтран зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал” хөтөлбөрийн 2019 оны оролцогч, Койка, НҮБ-ын “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ” хөтөлбөрийн оролцогч гэх мэт эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжигч төрөл бүрийн хөтөлбөрт хамрагдан өөрийгөө байнга хөгжүүлсээр ирсэн. Улс төрчийн хувьд КАС-ын Азийн бүсэд хэрэгждэг “Залуу улс төрчдийн сургууль” хөтөлбөрт мөн хамрагдсан. Түүний зэрэгцээ Азийн залуу улс төрчдөөс 3 шатны нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгон авдаг хөтөлбөр байдаг. Би 2022-2024 оны хөтөлбөрт нь Монголыг төлөөлөн Азийн залуу улс төрчдийн сургуульд суралцаж байтал ковидоос шалтгаалан уг сургалт нэг жил хойшилсон. Энэ сургуулийг 2025 онд Германд очиж үргэлжлүүлэн суралцаж төгсөнө. Энэ сургалтын дагуу Сингапур, Канбож, Малайз, Тайланд улсад туршлага судлах хөтөлбөрүүдэд хамрагдсан. Ингэснээр орон нутгийн удирдлагын чиглэлээр илүү мэргэших боломж олдсон.
-Өөрөө ээж хүн, багш мэргэжилтэй, эмэгтэйчүүдийн байгууллага удирддаг, улс төрийн байгууллагад ажилладаг гээд олон талаас нь харахаар яах аргагүйнийгмийн зүтгэлтэн болжээ. Тэгэхээр өнөөгийн нийгэмд хамгийн тулгамдсан, нэн түрүүнд өөрчилж шинэчилмээр асуудал юу байна?
Түүнийг өөрчилье, шинэчилье гэсэн ямар бодолтой явна вэ?
- Эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засаг, улс төр, шийдвэр гаргах түвшин дахь оролцоог нэмэгдүүлэх чиглэлээрсүүлийн 10 жил тасралтгүй сурч, хөгжиж, олон төрлийн арга хэмжээг гадаад, дотоодын иргэний нийгмийн байгууллагууд, зорилго нэгт бүсгүйчүүдийн хамт удирдан зохион байгуулж байна. Миний хувьд Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчээр 5 жил ажиллаж байна. Аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл хотынхоо хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүл, нийгмийн сайн сайхны төлөө нэлээн олон ажил зохион байгуулсан.
Манай намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, улс төрийн нам, шийдвэр гаргах түвшин дахь жендэрийн оролцоог хангах, хүүхэд, эмэгтэйчүүдэд ээлтэй хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, томоохон нийгмийн салбаруудын бодлогыг тодорхойлох чиглэлд ажилладаг.
Сүүлийн жилүүдэд бид ихэвчлэн материаллаг асуудлын хойноос хөөцөлдсөн. Бид хүний хөгжил, хүүхдийн хөгжлийг орхигдуулсан нь олон улсын байгууллагуудын судалгаанаас харагдаж байна. Жишээ нь, манай хотынхүүхдүүдийн бие бялдарын хөгжил 21 аймгаас 21 дүгээртордог гэх харамсалтай мэдээлэл байна. Энэ бол зайлшгүй анхаарч бодлого хэрэгжүүлэх ёстой асуудал мөн. Хичнээн сайхан орчин бүрдүүлсэн ч ирээдүйд иргэд маань эрүүл мэндгүй, бие сэтгэлийн тэсвэр тэвчээргүй, хорт зуршил, таргалалт өртсөн, дэлгэцийн хамааралтай болчихсон байвал яах вэ?
Ер нь хүүхдийн хүмүүжлийг бие бялдар, эрүүл мэнд, оюуны санааны хөгжил гэсэн гурван хэмжүүрээр хэмждэг. Хүүхдүүдийг нийтээр нь урлаг, спорт, оюуны спортоор хичээллэх боломжийг бүрдүүлж, төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.
-Үүнтэй холбоотой нэгэн шинэ хуулийн төслийн УИХ дахь АН-ын бүлэг санаачилсан гэж сонссон. Энэ талаар...?
-Манай хойд бүсээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулгын санаачилгаар УИХ дахь АН-ын бүлгийн 26 гишүүн саяхан “9 сарын 1” гэсэн хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн гол агуулга нь Монгол улс “Хүүхэд хөгжлийн карт”-тай болоход чиглэгдсэн. Өөрөөр хэлбэл, сар бүр хүүхдийн 100 мянган төгрөг дээр нэмж 30 мянган төгрөгийн нэрийн карт өгнө. Энэ карт дахь мөнгө нь хүүхдийн урлаг, спорт, оюуны хөгжилд зориулагдсан хөрөнгө оруулалт байх юм. Энэ хуулийн төслөөр иргэдээс санал асуулга, дэмжлэг авах үйл ажиллагаа одоо үргэлжилж байгаа.
НҮБ-ын хүүдийн төлөө Unicef сангийн судалгаагаар Ардчилсан намын санаачлан эхлүүлсэн ХҮҮХДИЙН МӨНГӨ 98 хувийн өгөөжтэй, хамгийн сайн хөрөнгө оруулалт хэмээн үнэлэгдсэн. Ер нь олон улсын судалгаагаар хүүхдэд оруулсан нэг доллар ирээдүйд 3-4 дахин илүү өгөөж өгдөг гэх судалгаа бий. Тиймээс улс орон бүхэн хүүхэддээ мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр хөрөнгө оруулалт хийдэг. Энэ нь халамж биш, ирээдүйн сайн иргэний хөгжилд оруулж буй том хөрөнгө оруулалт юм. Бид Орхон аймагт энэ хуулийг сурталчлах, батлагдсаны дараа хэрэгжилтэд нь хяналт тавих гээд оролцоотой ажиллана.
-Уурхайчин багт АН-аас аймгийн ИТХ-д нэр дэвшээд, сонгуулийн штаб байгуулаад ажиллаж байгаа энэ цаг үед багийн иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонссонбайх. Энэ багт тулгамдсан ямар асуудлууд байна вэ?
-Уурхайчин багийн орон сууцууд 40 гаруй жил ашиглагдсан учраас байрнуудын подвал дахь сантехникийн шугам хоолой маш их хуучирч муудсан байна. Мөн байруудын дээвэр, заадсаар ус нэвчдэг болж. Багийн сургуулиуд анги дүүргэлт ихссэн хүндрэл бас байна. Энэ мэтчилэн даруй шийдвэрлэх асуудлын талаар багийн иргэд бидэнтэй санал бодлоо хуваалцаж байна. АН аймгийн ИТХ-д олонх болвол Уурхайчин шиг Эрдэнэтийн анхны орон сууцны хорооллуудад төлөвлөгөөт хөрөнгө оруулалт хийж, жишиг баг болгох боломжууд бий.
Уурхайчид 3 ээлжийн ажилтай учраас ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалан хүүхдэдээ цаг зарцуулах боломж бага. Тиймээс Уурхайчин багийн хүүхдүүдийн дунд чөлөөт цагийг нь үр ашигтай өнгөрүүлэх, хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшилд тустай “Хүүхэд хөгжлийн хөтөлбөр”-үүд хэрэгжүүлэхийг бид зорьж байна.
-Улс төрийн ажилд нь амжилт хүсье. Удахгүй болох Орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон нийгмийн сайн сайхны төлөө сайн үйлс бүтээж, Эрдэнэтийн хөгжлийн төлөө бодожтөлөвлөсөн бүхнээ хэрэгжүүлэхийг хүсье.
-Баярлалаа. Орон нутгийн хөгжлийн төлөөх хариуцлагатай сонголтын өмнө иргэдтэйгээ үзэл бодлоо хуваалцсандаа баяртай байна. Мөр зэрэгцэн хариуцлагатай сонгуульд оролцож, өрсөлдөж байгаа залуучууддаа шударга, бодлогоор өрсөлдөхийг уриалж, амжилт хүсье.
Эцэст нь Уурхайчин багийн сонгогчид та бүхэн орон нутгийнхаа хөгжил, эрс шинэчлэлийн төлөө зөв сонголтхийж, биднийг багаар нь дэмжинэ гэдэгт итгэж байна.
Т.НАРАНТУЯА