“Эрдэнэт үйлдвэр”-ийн усан сангаас ус шүүрч, айлуудыг усанд автуулжээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Булагт хэсэгт орших, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэр Хаягдлын аж ахуйн хэсгийн усан сангийн шинээр хийгдсэн баруун урд талын хэсгийн далангийн хоёр дахь мөргөцгөөс ус шүүрч, ойролцоох айлуудын хашаа руу орсон байна. Иргэн Б-ийн 5 ханатай гэр, Н, Н, Н нарын 3 хашаа усанд автсан аж.

Холбогдох байгууллагуудад энэ дуудлага 5 дугаар сарын 23-ны 20:45 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан  Гал түймэр унтраах, аврах 56,58 дугаар анги,  Цагдаагийн газар, Дотоодын цэргийн 816 дугаар анги, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд зэрэг нийт 168 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр 22:00 цагаас эхлэн газар дээр нь ажиллаж байна. Усны урсацын голдирлыг өөрчилж, 130 метр шуудуу татаж, сайжруулсан шороон замын гаргуур хэсэгт 80 см-ийн голчтой төмөр хоолой суулган, автозамын зорчих хэсгийн хэвийн үйл ажиллагааг хангасан байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид Хаягдлын аж ахуйн хэсгийн усан сангийн даланг хүчитгэх арга хэмжээ авч байна.